ЗЭЛ ЭВХЭЭГҮЙ ЖАРАН
Со эртлэн мордлоо. Тэнгэрийн зүүн хаяаны цөөн үүлс үүрийн гэгээнд бүгээн зүсмийн адуу шиг үзэгдэнэ. Айргийн энгэрийн наадамд хөтөлж ирсэн даага нь тасархай түрүүлж ирэхүйд Со гэрийн зүг яарлаа. Гэгээ тасрахуйд Хурхын голдоо ирэхүл урсгал нь жороо морь шиг агаад намрын унаганууд тангаралдах лугаа харгиатна. Адуун дээрээ очтол сүрэгтээ азарга нь байсангүй, халзан гүү нь унгалдана. Шууд адуу руугаа ирэхийн учир нь амьтны нүд, хэл амнаас холхонуур тойрч намын үүрийн дарга Ховхоролын сонорт наалдчихгүйн тулд ажгуу. Өнгөрсөн арав гаруй жил нэгдлийн хонь маллахын хажуугаар морь уяж хурдлуулсан зэмээр хэдэнтээ донгодуулж сарын хөдөлмөр өдрийн хөлсөө аваагүй нь олонтаа. Со тэр хавиар азарганыхаа сургийг гаргаж чадсангүй шөнө харилаа. Уртын Да гуай өөрөө хөтөлж авчирч өгсөн Галшар гарвалтай Бөгөн хулын угсааны олон айрагтай азарга л даа. Маргааш нь эртлэн эрэл татсаны эцэст Биндэрийн овооны зүүн талын Ханангийн жалганы хамар дээр хорлогдчихсон байхад нь олов. Молор эрдэнийн толгойг нь авч айлын амбаарт хийчихээд шогшиж явтал Балхар тааралдав. Балхар бол хүлгийн дэл сүүл боох гэж оролдож явдаг нутгийн эрсийн л нэг. “Азаргаа олов уу” гэж асуухад нь Со дотроо “намайг азаргаа алдсаныг хаанаас мэдсэн юм бол” гэж дотроо гайхсан ч юу болсон тухайгаа хүүрнэхүйд “за олсон л бол болоо” хэмээгээд нэг голын ахан дүүс хоёр тийш мордоцгоосон билээ.
Хэд хоногийн дараа хадлан дээр өвс хамж байтал Жүмбэрэл ажаа шогшиж ирээд нөгөө хүрэн азарга чинь бас үхэх гэж байна гэх нь тэр. Морио тармуураас мулталж эмээллээд Ажаатайгаа зэрэгцэн цогиулсаар Өглөгчийн голд өвөлжөөндөө ирлээ. Хүрэн азарга нь өвчин тусчихсан юм шиг хамраас нь нус гоожоод, гэдэс нь дүүрчихсэн саравчинд зогсож байна. Ажаа бид хоёр биеийг нь үзэж байгаад зүүн талын ташаан толгойных нь урд талын хонхор бөөрнөөс калибрын сумны нүх оллоо. Одод түгэхээр үхэх биз гэж хэлэлцээд унагатай гүү, даагануудыг нь хашаад орхив. Үүр хаяарахуйд эргэж иртэл азарга алга, гэгээ ормогц дурандаж байтал хагас бээрийн зайтай зүүн энгэр өөд мацаж яваад хажуулдаад уначихажээ хөөрхий. Мөнөөх сумны нүхийг хутгаар дагуулан зүсэж мөшгивөөс бөөрийг нь няцлаад умсыг нь нэвтэлсэн байв. Ажаа бид хоёр дээр ойролцоо хонь хариулж явсан хүүхэд ирээд гурвуулаа бүх хомоолыг нь няцалж үзэж байтал сайх хүү баруун ташааных нь урд хонхор бөөрцөгны арьс махны завсраас сумны тугалгыг гаргаад ирлээ. Туурайгаар нь сангийн бойпор хийвэл буян хишиг нь үлддэг гэдгийг санаад толгой, туурайг нь авч ганзагалаад айлын гадуур шогшиж өнгөрөх үед эхнэр хүүхдүүд тосч үгэнд дурлаад: “Балхар л биз, дандаа буу үүрч явдаг” гэхэд Со хариуд нь “битгий дэмий юм донгосоод бай, тэр чинь өөрөө надтай адилхан морь уядаг хүн, яалаа гэж ийм муухай юм хийхэв” гээд цааш одлоо.
**
Өнөөдөр ийм ч юм болох гэж. Хоёр азарга адуу нь хоёулаа сүргийн манлайгүй болчихдог нь мөн ч халаглахгүй байхын аргагүй гайяа. Уяач хүний хувьд юу эсийг эргэцүүлэхэв. Эр хоёр загалын туужид:
“Эвий минь,
Хайрлан авч
Хайран хоёр загал минь,
Хагацан газардлаа,
Хазаараа эгэлдэрч яаж харина,
Эмээлээ үүрч
Эргэж яаж буцна…
Эвий минь
Урамтай их уралдаан болоход
Юугаа хагсаах билээ,
Учиртай их ав болоход юугаа унах билээ…” хэмээн Эзэн Богд Чингэс хааны харамсан гашуудсан туульсыг санагалзсаар газрын жигүүртэнд дөрөөлөн бодлын тэнгэрээр хатируулав. Цэргээс ирсэн жил аав нь хусуур сойзоо, цагаан бор азарга тэргүүтэй арваад тооны адуутайгаа хүлээлгэн өгсөнсөн. Аавынхаа өвлүүлсэн эрдэнэт сүргийн хишгийг арвитгаж тэрбээр хожим хоёр гүү нэг азарга авсан нь Мөнххааны Баадуугийн угшил. Дээр нь нэмээд энэ хүрэнг тэр жил шүдлэн үрээ байхдаа сумын наадамд аман хүзүүдэхэд нь Ичинхорол гуайгаас яавны өртгөөр наймаалцаж авсан бөгөөд дээд угшил нь Галшар удамтай Их, Бага мөнгөн. Хүрэн үрээгээр азарга тавьсанаас хойш мөн ч олон наадамд түрүүлж, олон алтан туурайтай төл үлдээлээ дээ. Со эцгийнхээ хусуур сойзыг авсан тэр жилийн дараа намар нэгдлийн суурь хонь хүлээн авч малласнаас хойш өдгөө арав дах жилээ үджээ. Хаврын бусгал хавсарга, намрын хатирч бороонд галигуулж, өвлийн жаварт өшиглүүлж, зуны халуунд наршиж төл ноосны нормоо давуулан биелүүлэхийн зэрэгцээ эцэг дээдсээс уламжлан ирсэн морин соёлоо өвлөн уламжилахуйн ухаанд шамдсан энэ арван жилд хорь шахам түрүү, гуч орчим айраг хүртжээ. Нам засгаас амины морь уяхыг хориглож, зөвхөн нэгдэл нийгмийн морийг л улс хувьсгалын ойн баяраар уяж сойн уралдуулахыг зөвшөөрнө. Хувьдаа таваас илүү адуу тоолуулах нь цээртэй тул сумын төвийн малгүй ах дүүсийн нэр дээр адуугаа хуваан тоолуулж хариуд нь идэш уушинд нь тусална. Нам, нэгдлийн дарга нарын хатуу хяналт, шахуу норм төлөвлөгөөн дор хонь хариулж олсон цалингаа хурааж цуглуулсан нь түүний зорилгодоо үнэнчийнх. Сэцэнханы аль л хурдан угшлаас түүвэрлэн худалдаж авсан хүлгүүд нь угсаа салбарлан Онон голын сумдын уяачдын дунд хурд хуваагдан үржиж алтан тоосоо өргөсөөр буй билээ. Гэлээ гээд гавьяа нь сумын намын үүрийн дарга Ховхоролын зуултанд орсноо ойлговч улам хатуужих сэтгэл төрнө. Ховхорол харагчин гахай жилийн зун адууны наймаа хийсэн шалтгаар иртэй хурдтай байсан гурван шандастныг нь наадамд уралдуулахгүй хасаж билээ.
***
Со нэгдлийн хурал дээр эрсхэн босч би хувийн аж ахуйтан болно хэмээхэд бүчигсэд хэрэгт орох нь хэмээн хормой бүснээс нь суулгахаар угзчив. Ингэж шийдсэний учир нь намын үүрийн дарга Ховхорол Балхартай хуйвалдан түүний Хурх-Хүйтэний хөндийд хурдны шинэ үүлдэр гаргах үйлсийг нь таслахаар хоёр азаргыг нь буудуулсанд эгдүүцсэн шийдэмгий эсэргүүцэл байв. Балхар Со уяачийн айраг түрүүнд атаа жөтөө өвөрлөж явдгийг намын үүрийн дарга Ховхорол мэдэх учраас түүний хорын сэтгэлийг нь ийнхүү морин соёлын удмын түүчээг таслах нам төрийн захиалга болгож ашиглажээ.
Со нэгдлийн анхны хувийн аж ахуйтан болсноор өмнөд сумнаа шилжин суурьшив. Мөнөөх намар түрүүлдэг хурдан даагаа Өглөгчийн хэрэмнээ хошоод өвөл нууж өвөлжүүлээд Саригийн талд авчирч азарга тавилаа. Удалгүй Эмээлийн хөх чулууг бараадаж зэл чангалаад ад шоо үзэгдэн байж цуглуулсан шандастнуудаа засаж зохируулаад уяа зэллэв. Их гоё байна аа, ууж буй ус, идэж буй өвс, тарлаж буй дов нь таарна гэж жигтэйхэн. Эзэн Богд Чингэс хааны түмэн өлзий гийсний ой төрийн их тахилга Даншиг наадамд өөрийн үүсгэсэн үүлдрийн хүлгээ түмэн эхээр цоллуулснаас арван оны дараа аймгийнхаа наадмын ойн хоёр өдрийн наран дор таван насны хүлгээ түрүү магнайд давхиулавай.
Ай, тэртээх хотол төгс хэмээгч цагаан хулгана жил буюу жаран оны зун дөрвөн настайдаа аавынхаа сойсон хүлгийн нуруунд гарснаас хойш цагийн зуултанд өвгөдийн соёлыг тасалсангүй, зэл эвхсэнгүй, эцгийн хусуурыг сэврээсэнгүй, монгол адууны удмыг сайжруулахаар хүлэг хэмээх хуурын хөгийг нэгэн жаран илүү эгшиглүүлэвэй хэмээн бодол хатируулан гандмал хүрэн дээлтэй өвгөн Со уяан зэлнээ завилан суух ажгуу.
Ц.Чойжамц