МОНГОЛД ШИНЭ ЗҮЙЛ ЗУРАМ БҮРТГЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ
Монголд шинэ зүйл зурам бүртгэх, баталгаажуулах боломж ойртож буй бололтой

Тэртээ 2011 оны 8-р сарын эхээр Америк- Монголын хамтарсан судлаачдын баг Байтаг богд уулын Цагаан бургастай голын хөвөө газар урьд өмнө баригдаж, бүртгэгдээгүй монголын бусад зүйлээс давжаа биетэй, тун ахар ухаа өнгийн сүүлтэй, харьцангуй номхон нэг “содон” зурам цуглуулж билээ. Тухайн үед, Smith & Xie (2008) нарын “Хятад улсын хөхтөн амьтад” таних гарын авлагаас нягталж үзэхэд, ахар сүүлт зурам (Spermophilus brevicauda Brandt, 1843) хэмээх латин нэртэй зурамны ялгах шинж, биеийн хэмжээний нийцэл, тархац нутгийн хил нь Хятад улсын манай Зүүнгарын говьтой хил залгаа нутагд тун ойр байгаа нь надад эргэлзээ төрүүлж билээ. Би бээр энэ тухайд америк нөхөдтэй санал солилцоход, тэд: молекул- генетикийн судалгаагаар баталгаажуулах шаардлагатайг хэлж билээ. Мэдээж хэрэг тэдний зөв. Биологич, амьтан судлаач Ц. Одбаяр 2026 оны 6-р сарын 30-ны өдөр Зүүнгарын говийн Уушигийн улаан уулын зүүн хормойд оршдог булаг орчмын ширэгтэй нугажуу зурвас амьдрах орчноос дээр дурдсан “содон” зурамны зүйлд хамаарах нэг бодгаль барьжээ. Хожуу үес хэвлэгдсэн зурамны ангилал, удам төрлийн холбооны чиглэлээр хийсэн судлаачид (Harrisson et al., 2003; Wilson & Reeder, 2005; Smith & Xie, 2008; Ermakov et al., 2015; Kapustina et al., 2015a; Matrosova et al., 2019; Brandler et al., 2021; Kapustina et al., 2023; Simonov et al., 2024)-ын ажилд дурдснаар, ахар сүүлт зурам нь улаавар шанаат зурам (Spermophilus erythrogenys)-ны салбар зүйл бус бие даасан зүйл хэмээжээ. Оросын судлаачид монголоос цуглуулсан дээжийг молекул- генетикийн лабораторийн шинжилгээнд хамруулж, анхдагч боловсруулалт эхлэсэн тухай сайхан мэдээг судлаач найз надад дуулгав. Тэр ажлын үр дүн хэвлэгдэхийг тэсэж, ядан хүлээж сууя даа. Хэрэв, ахар сүүлт зурам гэдэг нь баталгаажих аваас, монгол оронд нэг шинэ зүйл нэмэгдэж, нийт таван зүйл зурамтай болно.
Ахар сүүлтэй, шавилхан биетэй зурамны байршлын мэдээг хуваалцаж, дүрс буулгах сайхан боломж олгосон эрхэм найз Ц. Одбаярд их талархлаа!

Дүрс: ахар сүүлт зурам (зуны зүстэй бодгаль), Цагаан бургастай голын хөвөө, Байтаг богд уул, 2011. 08. 06;
Дүрс: ахар сүүлт зурам (өвлийн зүстэй бодгаль), Уушигийн улаан уулын булаг орчим, 2026. 06. 30;
Дүрс: бозлог буюу цайвар сүүлт зурам, Умард говь, 2017. 06. 15
Эх сурвалж: Судлаач Н.Батсайхан.