LOADING...

Back To Top

 Г.МӨНХБИЛЭГ : МАНАЙ ГОВЬ ТАЛ НУТГИЙНХАН ХӨРЗӨНГӨӨР МАЛАА ХАШААД ӨВӨЛЖДӨГ, АРГАЛАА ТҮЛДЭГ, НҮҮХЭД НЬ ЯМАР Ч УЛ МӨР БАЙХГҮЙ, БАЙГАЛЬ НЬ АТАР ОНГОНООРОО ҮЛДДЭГ

Г.МӨНХБИЛЭГ : МАНАЙ ГОВЬ ТАЛ НУТГИЙНХАН ХӨРЗӨНГӨӨР МАЛАА ХАШААД ӨВӨЛЖДӨГ, АРГАЛАА ТҮЛДЭГ, НҮҮХЭД НЬ ЯМАР Ч УЛ МӨР БАЙХГҮЙ, БАЙГАЛЬ НЬ АТАР ОНГОНООРОО ҮЛДДЭГ

Avatar photo By
  • 0

                     Монгол улсын санаачлагаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дэлхийн бэлчээрийн экосистемийн үнэ цэнэ, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн уламжлалт мэдлэг, тогтвортой амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход оруулж буй хувь нэмрийг дэлхий нийтэд таниулах зорилготой. Бэлчээр, газар ашиглалтын томоохон төлөөлөл үндэстэн болох Монгол Улс  НҮБ-н Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын бага хурал COP17-г сая 2026 оны 8 сард  амжилттай зохион байгууллаа.

Энэ утгаараа бэлчээрийн газар ашиглагч иргэдийн дуу хоолойг хүргэхээр Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Гомбын Мөнхбилэгтэй уламжлалт арга бүхий мал маллагаа болон  бэлчээрийн соёлын талаар хөөрөлдөв.

Сайн байна уу, сайхан намаржиж байна уу Та? Биндэр суманд сүүлийн жилүүдэд цаг агаар ямар байна, бэлчээрийн хүртээмж болон ургамлын төрөл зүйл хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Сайхан намаржиж байна.  Би Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн харъяат билээ. Энэ нутагтаа төрж өсөн,  насаараа л малаа маллаж амьжиргаагаа залнуулж байгаа хүн. Зуншлага сайхан боллоо. Харин сүүлийн жилүүдэд хавар жаахан хүндхэн болдог боллоо. Манай хаврын уламжлалт баяр “Цагаан сар”-аас хойш цас их ордог, хавартаа хавсарга, шуурга ихтэй, уртхан өнгөрдөг боллоо. Бэлчээрийн хувьд ойролцоогоор арваад жилийн давтамжтайгаар ган зуд ээлжлэн болж байна. Манай Хэнтий аймгийн Биндэр сум бол хойноосоо урагшаа сунасан хэлбэртэй, говь, тал хээр, ойт хээр, хөвч хангайн бүс хосолсон нутаг юм. Хойд хэсгийн том голын сав газруудаар ган болох нь ховор, хадлан, тарианы гарц боломжийн ургадаг. Харин урагшлах тусам тал хээрийн бүс рүү шилжиж,  өвс ногоо гандаж, нуур цөөрөм ширгэж, гол ус татрах байдал их боллоо. Мянга мянган жил л ийм байдлаар ээлжилж ирсэн байх. Харин тухайн цаг агаарын байдалдаа дасан зохицоод амьдрах нь бидний гол онцлог юм.

Зураг1: Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Гомбын Мөнхбилэг, Зурагчин М.Түвшин

Монгол Улс  НҮБ-н Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын бага хурал COP17-г сая 2026 оны саяхан зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан бэлчээр ба уламжлалт  нүүдлийн соёл иргэншлийн талаарх үзэл бодлоо та бидэнтэй хуваалцахгүй юу?

Би дэлхийн бусад орны нүүдэлчдийн талаар мэдэхгүй ч орчин тойрноо, нийгмийн хандлага өөрчлөлтийг их ажигладаг. Юмс үзэгдэл асар хурдан өөрчлөгдөж байна. Энэ бүхнээс шалтгаалаад нүүдлийн мал аж ахуйн уламжлалт хэв шинж тодорхой хэмжээнд алдагдаж байна. Тухайлбал эртхэн үед анхны цас орж шуурсны дараа хот айлын ахлагч мориндоо мордож ойролцоох өндөр уулын оройд гарч цасны зузаан нимгэнийг шинждэн. Тэгээд буцах замдаа нүүдэл сэлгэх эсэхээ төлөвлөн, гол тээвэр хийдэг тэмээгээ туусаар ирдэг байжээ.  Ингэж цасны нимгэн газарт нүүн очдог байв. Өнөөдөр энэ арга ухаан тасарч үгүй болж байна. Малчид өөрийн хүслээр нүүе гэхээр хууль эрх зүйн орчин, нутаг дэвсгэрийн хуваарь, тусгай хамгаалалттай газрын хил хязгаар гэх мэтэд боогдон, олон төрлийн  зөвшөөрөл авах, хөөгдөж туугдах гээд асуудал бэрхшээлтэй тулгардаг болсон. Түүнчлэн хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль, цаг уурын шинж өөрчлөгдсэнтэй холбоотой бороо нь байгалийн жамаараа ордог цагтаа орохоо больжээ. Жишээлбэл газар тариалангийн бүсэд чийг хуралдуулах, гал түймэр унтраах зорилгоор зохиотлоор бороо оруулдаг болсон. Хэрэгтэй цаг үедээ чийгээ авч чадахгүйгээс болж, байгалийн цэцэг, ургамал нь ургахаа больж, төрөл зүйл нь ховордож байгааг нутгийн иргэд бид ажиглаж сууна. Үүнээс гадна бас нэг том асуудал нь  бэлчээрийн талхагдал. Энэ нь сум,  төв сууринд төвлөрөн амьдрах, ус голоо бараадаж нягтрах, нэг газраа нүүдэл сэлгэхгүй удаан нутаглах зэрэг нь бэлчээрийг талхагдалд хүргээ байна. Мөн бэлчээр хөрсийг талхлах нэг том хүчин зүйл нь  авто зам, ялангуяа уул уурхайтай холбоотой газрын элэгдэл юм. Говийн хөрс эмзэг нимгэн учир уурхайн том оврын машин техникүүдийн заманд маш хурдан эвдэрч байна. Сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуй фермийн хэлбэрт шилжиж,  хашаа хороо их барьж, нэг дороо жилийн дөрвөн улирал сууьшиж байгаа нь бэлчээр, ургамал  талхлагдахад бас том нөлөө үзүүлж байна.

Бэлчээрийн мал аж ахуйд таван хошуу мал бие биедээ шүтэлцэн оршдог. Тухайлбал зудтай жил зуслангаа гурав эргэж, адууны хомоол бусад малдаа идүүлж  мал нь өл залгаж онд ордог байв.

Зураг2: Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Гомбын Мөнхбилэг. Зурагчин М.Түвшин.

Өнөө цагт нутгийн уугуул иргэдийн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт арга ухааныг үнэлэх, өвлөн авах нь ховордож байгаатай та санал нийлэх үү?

Тиймээ, уламжлалт мэдлэг их орхигдлоо. Ер нь мартагдаж байна даа. Манай говь талынхан хөрзөн хороогоор малаа хашаад өвөлждөг, аргалаа түлдэг, эх дэлхийдээ ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй, нүүгээд явахад нь ул мөр байхгүй, байгаль атар онгоноороо л үлддэг.  Харин хангайнхан маань 100 мал хашаалахын тулд 100 куб мод бэлтгэж хашаа хороо хийдэг, бараг 10 машин мод гэсэн үг. Одоо хуучин тэр уламжлал улам бүр байхгүй болж байна. Малчид малын хашаагаа төмөр болон сэндвичээр барьдаг боллоо. Портер гэдэг машинаар нүүрсээ зөөж түлдэг болсон. Энэ нь байгальд шингэхгүй хаягдал ихээр үүсгэж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болчихлоо.

Бидний аав ээжийн үед нүүдэлчид малаа онд оруулахын тулд оторлож явахдаа хүнтэй малтайгаа л зутардаг байж. Аргал хөрзөн цасанд хучигдсаны дараа гэрийнхээ унь хананы модноос өдөртөө нэгийг авч түлээд цай, хоолоо болгодог байж, хавар болоход гэр нь дуусаад мал нь онд мэнд ороод амьдрал үргэлжилдэг байж. Энэ нь  байгальд ямар ч сөрөг нөлөөгүй аж төрдөг байсны жишээ. Хөрзөнгөөр малын хороо хашаа барихад өвөл нь тэрнээсээ аваад түлчихдэг байсан. Одоо цас их орж, зам боогдсон үед машин явахгүй тул түлээ нүүрсээ татаж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Бэлчээрийн мал аж ахуйн энэ мэт уламжлалт арга ухаан нь байгалийн вадагдашгүй хүчин зүйл болох  ган зудыг сөрөн тэсвэрлэж чадварт сургаж, сорилтуудыг давж амьдрах чадварыг суулгаж, аливаа бэрхшээлд байнгын бэлтгэлтэй байлгадаг байжээ.

Бид бэлчээрийн мал аж ахуйн уламжлал болон нүүдлийн соёл иргэншлээ өнөө цагт хадгалан авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?

Төр засгийн өнөөгийн бодлого, нийгмийн чиг хандлага маань бидний өвгө дээдсийн уламжлал соёлыг тэсч үлдэх боломжгүй нөхцөл рүү аваачиж байна. Нөгөө талаар малчид маань хүүхдүүдээ сургууль соёлд явуулж хот газар бараадуулах боллоо. Мал маллах хүн ховордож байна. Гэхдээ хөрөнгө оруулагч шилдэг чинээлэг малчид ч бас төрөн гарч байна. Сургуульд явсан залуучууд болон эдгээр малчид маань нүүдлийн соёл иргэншлээ тээн авч үлдэх боломж бий гэж харж байгаа. Засаг төрийн бодлого зохицуулалтыг цаашид илүү сайжруулах шаардлагатай. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн гол бүтээгдэхүүн болох малын мах нь хамгийн цэвэр, үнэ цэнтэй. Үүнийг сурталчилж, зөв таниулмаар байна. Манай малчдыг гадаадад мах борлуулах зах зээлийг нь нээгээд өгвөл малчидын орлого нэмэгдэж, улмаар мал маллах сорихолтой иргэд олширно. Ингэснээр  малаа хамгаалж чаддаг болно. Мөн  ган зуд,  нийгмийн болон байгаль цаг уурын бусад эрсдлийг даван туулах, дасан зохицох, сөрөн тэсвэрлэх чадвар нь сайжирч урт удаан хугацаанд оршин тогтнож чадна.

Бэлчээрийн эрүүл аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ? Хөрс эрүүл байвал мал эрүүл, мах эрүүл байна шүү дээ?

Бэлчээр бол байгалиасаа эрүүл байгаа. Өвчлөл бол эртнээсээ л байсан, мянган жилийн өмнө өт байсан л байж таараа. Мянган жилийн өмнө ч  хамуу, цэцэг өвчин нь байж л байсан шүү дээ. Үүнийг монголчууд уламжлалт аргаараа эмчилдэг байжээ. Тэр мэдлэгээ бид бүхэн мартсан, орхигдуулсан. Орчин үеийн химийн эм тариаг суурин маллагааны эмчилгээнд бид хэрэглээд байгаа нь өөрөө малд сөргөөр нөлөөлдөг болсон. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон  эмчлэх арга нь бүгд байгаль ба мал, хүндээ эерэг, ямар нэгэн хор үлдэцгүй байжээ. Орчин үеийн эм тариа нь хоруу чанар ихтэй, өвчлөл дахин гардаг, улсаар сүрэг болон бэлчээрийн бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа нь амьдрал дээр батлагдаж байна.

Тэгвэл энэ уугуул мэдлэгийг хэрхэн яаж сэргээх вэ?

Хөдөө аж ахуйн их сургууль төгсөж ирсэн малын эмч нар л лав энэ талаар огт мэдлэггүй юм билээ. Тэгэхээр их сургуулийн хөтөлбөрүүдэд үүнийг заадаггүй нь ойлгомжтой. Тиймээс малчид бид өөрсдөө л өвлүүлэн уламжлуулахад санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Харамсалтай нь малаа эмчлэх уламжлалт арга ухааны зах зухтай малчид ч цөөн болжээ. Тэгэхээр эцэг өвгөдөөс өвлүүлж өгсөн  нүүдлийн мал маллагааны арга ухаан, уламжлалт мэдлэгээ сэргээж, ахуй амьдралдаа хэрэгжүүлэхийг залуу үедээ хандан уриалмаар байна.

Prev Post

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭН НҮБ-Н КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН БАГА ХУРАЛ COP17 УЛААНБААТАРТ ҮРГЭЛЖИЛЖ…

Next Post

Ч.БАТЗОРИГ: УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ЦӨӨРЧ, УРГАМЛАН БҮРХЭВЧ ЖИЛЭЭС ЖИЛД БАГАСАЖ…

post-bars

Leave a Comment

Related post