LOADING...

Back To Top

 Ч.БАТЗОРИГ: УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ЦӨӨРЧ, УРГАМЛАН БҮРХЭВЧ ЖИЛЭЭС ЖИЛД БАГАСАЖ БАЙНА

Ч.БАТЗОРИГ: УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ЦӨӨРЧ, УРГАМЛАН БҮРХЭВЧ ЖИЛЭЭС ЖИЛД БАГАСАЖ БАЙНА

Avatar photo By
  • 0

Монгол Улсад бэлчээрийн төлөв байдлыг жил бүр тогтмол ажиглаж, ургамлын өөрчлөлтийг хэмжин дата мэдээлэл бүрдүүлдэг хоёр үндсэн байгууллага бий. Үүнд Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллага болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын байгууллага багтдаг. Энэ удаа бид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын газрын даамал Ч.Батзоригтой Биндэр суманд бэлчээрийн мониторинг хийж байх үеэр нь ярилцлаа.

Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд бэлчээр, ургамлын мониторинг хийж байна. Гэрэл зургийг: Ч.Батзориг.

– Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн бэлчээр, ургамлын төлөв ямар байна вэ?

Сайн байна уу. Намайг Ч.Батзориг гэдэг. Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын газрын даамлаар ажилладаг. Өнөөдөр Биндэр суманд бэлчээрийн мониторинг хийхээр ажиллаж байна. Үүнээс өмнө Хэрлэн голын урд хэсгийн 2–3 суманд судалгаа хийсэн.

Ерөнхийдөө энэ жил зуншлага сайн болсон учраас ургамлын ургалт хэвийн, бэлчээрийн төлөв олон газарт сайн байна.

– Сүүлийн 5–10 жилийн хугацаанд ургамлын төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Хамгийн их анзаарагдаж байгаа өөрчлөлт бол нэг метр квадрат дахь ургамлын төрөл зүйл цөөрч, ургамлан бүрхэвч багасаж байгаа явдал юм. Бидний үзэж байгаагаар энэ нь бэлчээрийг удаан хугацаанд сэлгэн ашиглахгүй байгаатай шууд холбоотой. Харин Биндэр сумын Хүйтэн, Шуус орчим зэрэг хангайн бүсийн бэлчээр харьцангуй хэвийн, сайн байгаа бол тал хээрийн сумдад доройтол илүү тод ажиглагдаж байна.

– Бэлчээрийн төлөв жилээс жилд хэрхэн хэлбэлзэж байна вэ?

2024 оны зудын дараа малын тоо толгой тодорхой хэмжээгээр цөөрсөн нь зарим нутагт бэлчээр сэргэх боломж болсон. Гэхдээ энэ жил Дэлгэрхаан, Баянхутаг, Дархан сумдад гандуу байгаа учраас тухайн бүсийн бэлчээрийн байдал мөн адил тааруу байна. Ер нь бэлчээрийг сэлгэн ашиглахгүй байх тусам ургамлын бүрдэл багасаж, доройтол эрчимждэг.

– Малчдын бэлчээр ашиглах уламжлалт арга барил өөрчлөгдсөн гэж та үзэж байна уу?

Тийм. Өмнө нь малчид улирлын онцлогт тохируулан бэлчээрээ хуваарьтай ашигладаг байсан. Харин өнөөдөр малын тоо толгой өссөнөөс гадна нэг газартаа удаан хугацаагаар буух хандлага нэмэгдсэн нь бэлчээрт ихээхэн дарамт болж байна.

Бэлчээр сэлгэнэ гэдэг нь заавал арван, хорин километр нүүхийг хэлдэггүй. Зөвхөн 2–3 километрийн зайд оторлон шилжихэд л хөрс, ургамал амрах боломж бүрддэг. Малчин бүр өөрийн нутгийн бэлчээрийг хэсэгчлэн хуваарилж, долоо хоногийн давтамжтайгаар ээлжлэн ашиглавал доройтлыг бууруулах боломжтой.

Prev Post

Г.МӨНХБИЛЭГ : МАНАЙ ГОВЬ ТАЛ НУТГИЙНХАН ХӨРЗӨНГӨӨР МАЛАА ХАШААД ӨВӨЛЖДӨГ,…

Next Post

ДЭЛХИЙ ДАЯАР ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ТУЛГАМДАЖ БАЙНА

post-bars

Leave a Comment

Related post