Геологийн өв (гео өв) гэдэг нь дэлхийн үүсэл хөгжил, байгалийн ховор тогтоц, эртний амьтан ургамлын үлдэгдэл зэрэг шинжлэх ухаан, түүх, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой геологийн болон геоморфологийн онцгой объектуудыг хэлдэг.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн нутаг, Буурал ууланд ийм тогтоц бүхий агуй бий.
Баян-Адарга сумын зүүн хойд зүгт, Онон голын гүүрнээс 22 км зайд Адарга багийн нутагт Буурал хайрханы баруун урд хажууд оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой агуй нь Дунд Буурал хайрханы баруун урд энгэрт хавчуу аманд байдаг ба агуйн үүд нь 3 метр өргөн, 2 метр урттай, дотор нь ороход 5х6 метр харьцаатай. Баруун, зүүн талд нь салбарласан дээрхитэй адил хэмжээний нуувч бүхий агуй байдаг. Эхний нуувчнаас дээш өгссөн замаар явахад уг агуйн орой нь цоорхой байдаг бөгөөд дотор талдаа халуун зун ороход мөстэй, хүн даарахаар сэрүүхэн байдаг байна. Энэ агуйн баруун доод талд 50 орчим метрийн зайд тэмдэгт тавьж хамгаалалтад авсан. 2014 онд сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Дотор нь 120 хүн багтах зайтай. Агуйн адраас нарны гэрэл тусаж орж ирдэг цонхтой. Агуйн хананы дотор талд “Ум мани бадми хум” хэмээх Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг томоор сийлсэн байдгаас үзэхэд энэ орчинд лам нар даяан хийж бясалгадаг байсан шинжтэй. Дотор байх овоо, оройд байх овоонд ч адилхан, хадаг яндар бараг байхгүй, харин дээлийн торгонууд өргөсөн байдаг. Түүхийг нь тодотгож баяжуулан алхалт хийдэг жуулчдад санал болгох боломжтой.
Энэхүү Бууралын агуй нь Онон Балжийн Байгалийн цогцолбор газрын Тусгай хамгаалалтай газар нутгийн бүсэд багтдаг бөгөөд мөстлөгийн ул мөр, цэвдгийн тогтоц, өвөрмөц байдлаараа UNESCO Gloabal Geopark ангилалд нийцэх гео өв юм.
Агуйг цааш судлах шаардлагтай бөгөөд нэг салбар нуувч нь цааш нарийсч төгсгөл нь үл мэдэгдэх урт хонгил болдог.



