/Оршил аялгуу/
Цармын бүслүүрт нэгэн бээр хул шаргал гөрөөс ганцаар даяанчлан
Тарнич уруулаараа гоо юлд тургилан, тагийн сөд өвсний шүүс нэрэх агшинд
Аадрын дусал гурвалсан хонхлойн дэлбээг алгадах нь
Алтай ятга, бибилэг хөгжмийн хоршил лугаа хэмнэлтэй.
Зүрхэн гүүн хөх цэцэгт зүүн сибирийн дэвүүр саатахыг
Хонин бургасны улаан жирээнд үүрэглэх ундар шумбуур ажна.
Шивэр молцог хандгай Соёны жамьянмядаг хивж үдлэхэд
Хурын үүлсийг урих ойн салхин хар дэл аялгуугаар ар хөвчийг шуранхайлах мэт ээ.
Толгодын цац дах мөнгөн хонхот харганын даль цэцэгс салхинаа бутран шуугих нь
Төрийн товчийг Мөрренчин Хурх Биндэрийн аялгаар хүнгэнүүлэх шиг түрлэгтэй,
Цоор, цуур, эвэр бүрээ, хэл хуурын хэмнэл, Асрын өндөрт лимбэний исгэрээтэй нэгдэх нь
Арван зүгт, найман тахилыг залахаар сэтэрт шаргаар холч морилон одох лугаа авай.
Эрдэнийн галбарваасан моносны сүүдэрт хурын шимээр гүнцэг өргөхүй дор
Энтээ зэрэгцэн хилэн-гүеэ-гахууна шувуу өд сөдөө засан алсын аянд зэхнэ.
Хар мөрний цариг могой хариг усны эргээр сэдэргэнэ ярж гулсахыг бэр цэцэгч шумбуур ажаад
Тайжийн жинс юуг тамшаалж ядан, иш юуг нь ганхуулан час улаан алтандусалын халуун бал хүсэмжилнэ.
Дагуурын сувдан хясаа мөрний ёроолыг элгээрээ наминчлан зурахыг хараад
Дамнуурга цэнхэр соно Ононгийн дөллөх бидэрт чаргалан гулсана.
Дархадын цагаан загас, шивэр хилэм, гэгээн согос, хадран, мөрөг тэргүүтэнг цочоож
Хусны онгил усны мандалд унах нь дорно Монголын зэлүүд аглагийн нэгэн эгшний хөг болоод замхарна.
Урт навчит далан товч, өргөн зуншил цэцэг, тагийн шивэрс, хөхөө цүнхрэг
Уссур яшил, юлдэн шүүдэр ойм, хос навчит нилгэнэ, гурвалсан шүр үндэс,
Молорын анхил сонгино, нүцгэн товь цэцэг, алтан гагнуур мүгэз тэргүүт ховор дэлбээтүүд,
Морин гоньд-дэрэвгэр жиргэрүү анагаагч увидаснууд минь мөхөж буй нь ай лаа халагийн гуниглалтай.
Хөхөлбөр халиун буганы хархиран урамдах нь цагаан шүүдэр унах улирлыг зөгнөхөд
Хөгчүү бүрдээ орхиж ядан, хөмрөг, хиазат, лусч сар, загасч явлаг зэрэг жигүүртнийг урвуулан
Өмнө зүгрүү манан цуучин үзэсгэлэнт анхидал ангир, наран охил бялзуухайг дагуулан
Өртөөчлөн одох дуун ганганаа нь найрын хойморт өвгөн шувууг жаргаах мэт ээ.
Өргөн түмэн дуудлагатай энэ лугаа Монгол хэл мину иргэншлийн түрлэгт мартагдаж
Өрхний оосор нар буруу даллан өвгөд минь дэлхийг дэрлэхэд тэдэнтэйгээ хамт одох вий хэмээн сэрэмжилж
Өгүүлэхүйн айд хуучныг шинээр сэргээн нэгэн бээр хэлийг сэрж бүтээхүйн хүсэлд шамдахад
Өрнөөс дорно руу хөтөлгөө морьтон арван түмэн Монгол үгсийг их дууч аялгаар шуранхайлан хатируулах мэт болмуй.
Эх сурвалж: Ц.Чойжамц