Манайхыг Их бургаст, Шуусаар нутагладаг байхад би морь унаж сурч байлаа, ээждээ цулбуураасаа хөтлүүлэн Хоёр нарсны дэвэнд ирж тус бүр шуудай гогод түүгээд ганзагалан буцдагсан. Хожим Ононд нутаглан хаваржиж ахуйд үнээ сааж байхад хувинтай сүүнээс хамар сэтэртэл гогод үнэртэнэ.
Гэтэл одоо гогод түүхийн тулд сумын төв Дуурлигаас даруй 30-40 км алсын эрэлд явах болж. Шинэст, Дамбын гарам, Өрөлт, Гурван улиасны гарам орчимд бараг ургахгүй шахам.
Нутгийн нэршил “гогод”, монгол нэршил нь “анхил сонгино” гэх энэ ургамлын шинжлэх ухааны латин нэршил нь “Állium ramósum” гэдэгсанж. Энэ ургамал нь ховордсон зүйлд тооцогддоггүй ч Онон голын сав газраар сүүлийн жилүүдэд ургац нь муудах боллоо. Хэдэн жилийн өмнө ДЗМОУБ-н зохион байгуулсан багийн дарга нарыг хамруулсан сургалт дээр Мерси-Кор байгууллагын хийсэн судалгааны тайлан гэж танилцуулсан хураангуй мэдээний товчлолд: “Дуурлиг багийн бэлчээрийн даац 22 дахин хэтэрсэн” хэмээн танилцуулж байсан. Жил бүр сумын тодорхой цэгүүдэд УЦУОШ-ний газрын цаг уурын харуул ургамлын фото-мониторинг хийх, Газрын албанаас “шугаман цэгийн аргаар ургац хэмжих” ажиглалт судалгааны тайланд дурдсанаар зарим ургамлын төрөл зүйлийн ургац буурч байгаа бөгөөд иймд газар ашиглагчид буюу бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид тухайн орчин дох даацдаа тохируулж малын тоогоо зохицуулахгүй бол хөрсний бүтэц эргэж сэргэхээргүй дарамтанд орж доройтохыг анхааруулсан байна.
Ургамлын төрөл зүйл цөөрөх, “гогод” бүр хэт цөөрөх нь дараах шалтгаантай байж болох:
Нэг. Хавар эрт ургадаг тул мал хамгийн түрүүнд иддэг, олон жил дараалан үндсийг нь тултал идэж эл ургамлын үндсийг “хөгжих” боломж олгохгүй “дарангуйлаад” байхаар “стресс”-т ороод булцуу нь сулраад нөхөн сэргэх чадвар нь буурдаг аж. Энэ нь бэлчээрийн даац хэтрэлттэй шууд холбоотой. Нэг мал бэлчээрлэх даацтай газар 22 мал бэлчээрлээд байвал хэрхэх билээ дээ.
Хоёр. Зарим газарт хялгана, шарилж зэрэг ургамал ихэсч, ургамлын зарим төрөл зүйл цөөрч бэлчээрийн ургамлын бүтцэд өөрчлөлт орж байгаа нь цаг уурын ажиглагчдын фото-мониторингийн судалгаа, газрын албаны шугаман цэгийн аргачлалын судалгааны сүүлийн жилүүдийн судалгааны харьцуулсан дүгнэлтээр тодорхой болсон байна. Ийм үед зөгийн аж ахуй нэн тустай аж. Зөгий бал цуглуулахаар олон давтамжтай нислэг хийх явцдаа тоос хүртээж ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлдэг байгалийн инжинер ажээ.
Гурав. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл буюу бороо хур орох давтамж өөрчлөгдөх, хэт хуурайшилт халалтаас болж голын эргийн хайрга, уулын бэл хормой, хээрийн нугын хөрсөнд хуурайших, үржил шим нь буурах эрсдэл үүсдэг аж, гэхдээ энэ нь манай энэ бүсэд одоогоор бараг ажиглагдаагүй байна.
Дөрөв. Одоогоор их ургаж буй гэх алсхан тэр газарт “хэт их түүх” – үүнийг анхаарч үзэж зүй зохистой ашиглахад анхаарах.
Цаашид: Ганц “гогод” гэлтгүй бүх ургамлын зүйлийн тархацын судалгааг сумын хэмжээнд тогтмол давтамжтай хийх, Цаг уурын болон газрын албаны хийж байгаа судалгааны цэгүүдийн тоог олшруулах шаардлага үүсч буй юм.
Гогодноос өөр ямар ямар ургамлууд биднээс алсран одож буйг анзаарч баримжаалж буй ер нь хэн байна аа, та минь ээ.
Зураг: Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Дуурлиг баг, Онон голын Дамбын харзны хойд цагаан дэв, 2026.06.25-нд буулгав.



