Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн, Доктор Б.Ундрах-Одын ярилцлагыг та бүхэндээ уламжилж байна.
- Сайн байна уу, Таныг удам дамжсан хөрс судлаач гэж сонссон…
Тийм ээ. Аав, би, хүү бид гурван үеийн хөрс судлаачид. Миний аав Равжаагийн Баатар гэж Шинжлэх ухааны академид насаараа хөрс судлаачаар ажилласан, ёстой л ясны ажилч хичээнгүй, хөдөлмөрч, эрдэм шинжилгээний ажил хийхийн төлөө төрсөн гэмээр хүн байсан даа. Ээж минь Орос хэлний багшаар ажиллаж, олон шавь нарыг төрүүлсэн Шагдарын Цэнд-Аюуш гэж хүн бий. Миний хувьд Зүүнхараа хотод төрсөн, аавынхаа мэргэжлийг уламжлан эзэмшиж, эрдэмтэн багш нарынхаа урилгаар Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэн, ХААИС, ХХААХҮЯ, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал, мөн хувийн компаниуд, олон улсын төсөл хөтөлбөрт хөрсний зөвлөх гээд Монголын газар тариалангийн салбарын бүхий л байгууллагыг дамжиж ажилласан их азтай хүн дээ/инээв/.
- Таныг Монгол орны төдийгүй олон улсын хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл туурвисан судлаач, эрдэмтэн, зүтгэлтэн, энэ чиглэлийн толгой докторуудын нэг гэдэг юм билээ.
Баярлалаа. Судлаачид бол ер нь судалгааны ажилдаа амьдралаа зориулчихсан хүмүүс байдаг. Миний хувьд амьдралын эх үүсвэр болсон хөрсийг судлах, хайрлаж хамгаалах, зүй зохистой ашиглах, хөрс судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хөрсний шинжилгээний аргачлалыг олон улсын түвшинд хүргэхэд хөдөлмөр, бүтээлээ зориулж ирсэн. Одоо ч Олон улсын хөрс судлалын холбооны Хөрсний ангилал, экологийн чадавхын аргачлал боловсруулдаг ажлын хэсэгт ажиллаад л явж байгаа. Энэ чиглэлээр бас гадаадад 15 жил суралцаж, ажиллан, нарийн мэргэшил эзэмшиж, 20 гаруй оронд хөрсний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 40 гаруй орны 100-гаад хөрс судлаачдыг Монголдоо урьж, хамтарч ажилласан арвин туршлагатай. Австри улсын “БОКУ”-гийн Их сургууль, Венагийн Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар 10 жил ажиллалаа, Төв Азийн Хөрс Судлалын Холбооны тэргүүнээр ажиллаж байна. Хийхээр төлөвлөсөн олон ч ажил байна. Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт яг гал тогоонд нь ажиллаж байсан, мэргэжлийн хүн л зөв бодлого, шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл салбарынхаа онцлогийг мэддэг, жаргал, зовлонг нь туулсан, яг нарийн чухал асуудлыг нь мэдэрч, хийж үзсэн хүн л тулгамдсан асуудлыг гаргаж тавьж, шийдэл гарцыг нь бодлогодоо тусгаж, хөрсөн дээр буусан цогц хууль, журмуудыг хэрэгжүүлж чадна. Ингэж хэлснээрээ өнөөдрийн төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажлуудыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Зөв зүйтэй олон бодлого, шийдвэрүүд хэрэгжиж байна. Гэхдээ мэргэжлийн хүн байсансан бол энийг нь ингээд хялбархан шийдчих байсан даа, арай л дутуу, дулимаг болчихож дээ гэж харамсмаар цөөнгүй зүйлүүд харагддаг.
Тиймээс хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд,хүрээлэн буй орчны аюулгүй байдал гээд өнөөдрийг хүртэл төр засгаас анхаарч ирсэн олон асуудалд мэргэжлийн ур чадвараа гарган орчны болон хөрсний бохирдол, тойрог эдийн засаг, шим тэжээлийн бодисын эргэлт, нүүрстөрөгчийн шингээлтийн талаар бусад салбартайгаа хамтарч ажиллах шаардлага гарч ирж байна гэж би харж байгаа.
- Тухайлбал, таныхаар ямар асуудлуудыг засаж, шийдмээр байна вэ?
Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбарынхны хоолойд тулсан газрын доройтол, бэлчээрийн талхагдал, цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэл, уур амьсгалын өөрчлөлт гээд маш том асуудлууд бий болсон. Гэтэл эдгээрийг бага хүчээр олон нийтийн оролцоотой, эдийн засгийн ач холбогдолтой хэрхэн шийдэх вэ, энэ нь эргээд уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн эерэг нөлөөлөх вэ гээд харахаар тухайн орон нутагт ургадаг экологийн нөхцөлд нь зохицсон олон наст, нарийн шимт ургамлын үрийн үржүүлэг хийж бэлчээр хадланг нөхөн сэргээх, одоо байгаа олон наст ургамлын сортын эрхийг эзэмшигч нартай хамтарч ажиллах олон нийтийн оролцоог хангах, шинээр байгуулагдсан хоршоодыг энэ чиглэлд ажиллуулах нь чухал байна. Бид социализмын үед олон наст ургамлын селекцийн ажлыг хүртэл хийдэг байсан шүү дээ. Манай аав ч хадлан сайжруулах, бордох чиглэлээр хөрстэй нь холбож эрдмийн зэргээ Ломоносовын Их Сургуульд доктор хамгаалсан. Сумдын Засаг дарга нар, энэ чиглэлийн мэргэжилтнүүд манлайлаад сум бүртээ үржүүлгийн талбай бий болгоод явчих юм бол цаашлаад хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт, газрын доройтол бүгд шийдэгдэнэ. Мэдээж мод, ургамал тариад ирэхээр нүүрстөрөгчийг ургамалдаа шингээгээд уур амьсгалын өөрчлөлт саарна. Мөн, органик газар тариалан гэж их ярьж байгаа мөртлөө органик бордоо үйлдвэрлэх бүх түүхий эдээ хаячихдаг, бид ер нь нөгөө талдаа их цамаан улс гэж боддог. Шим тэжээлийн бодисыг эргэлдүүлж, улс орнууд тойрог эдийн засаг руу аль хэдийн шилжиж, технологийн дэвшлээр ард түмнийхээ амьдралын чанарыг нь дээшлүүлж байна. Нөхөн сэргээгддэг байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд хурдан хурдан оруулах нь өөрөө хөдөө аж ахуйн салбарын гол зорилго юм. Энэ мэтээр яг мэргэжлийн хүмүүсийн бодлого, шийдэл төрд үгүйлэгдэж байна.
- Харин тийм ээ, тэгэхэд өнөөдөр малчид, тариаланчид гэхэд л хоорондын зөрчлөө шийдэж чадаагүй байна. Мал аж ахуй нь газар тариалангаа татаж унагаах хэмжээнд ирчихээд байгаа шүү дээ…
Уг нь эвтэй бол хүчтэй дээ. Эвтэй, найртай хамтран ажилласнаараа хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдчихмээр харагддаг. Хөрс судлаач хүн бол хөрсөө ургамлаар хучсан байхыг хүснэ, учир нь хөрсний элэгдэл эвдрэл ургамлан бүрхэвчээр хамгаалагддаг. Малчдад сайн бэлчээр хадлан хамгийн чухал, дээр нь хүчит тэжээл байвал бүр сайн. Нөгөө талдаа тариаланчдад тарих туршлага, техник чадал нь байна. Олон наст таримлыг сэлгээнд оруулж зах зээлд борлуулах нь тариаланчдын сонирхлыг төрүүлэх л ажил. Тариалангийн хог ургамал бэлчээр лүү их орж байна. Бэлчээр хадланг сэргээж, идэмж тэжээллэг чанар сайтай бэлчээр хадлан бий болгох нь чухал. Мэдээж бэлчээр нь сайхан бол тариалангийн талбай руу мал нь гүйж ороод байхгүй. Энэ мэтээр зохицоод ая тухтай, харилцан ашигтай аж төрөөд байж болно шүү дээ. Ер нь бол ургамал тарьж, ургуулах тусам л хөрс сайжирч байдаг. Ургамлын зүйлийн бүрдлээр ядуурсан бэлчээр хадлангийн талбайнуудыг өөд нь татаж, дээрх асуудлуудыг бодлогоор нэн яаралтай сайжруулах цаг нь ирсэн. Хадлан бэлчээр, тэжээлийн хүрэлцээг зөв зохион байгуулбал газар тариалан мал аж ахуйн салбарт маш их боломж байгаа. Ийм учраас эдгээр салбарыг технологид суурилж хөгжүүлэхэд хөрсний салбар чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж боддог. Хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүрээлэн буй орчны нөхцөл, хүнсний аюулгүй байдлын үндэс нь хөрс байтал яг өнөөдрийн байдлаар манай улсын хөрсний салбарт олон дэд салбар ямар ч судалгаагүй, тоо мэдээгүй явж байна. Үүнд хөрс судлаачид бид ч санаачлагагүй байснаараа буруутай. Жишээ нь: Хөрсний физикийн салбар бараг л цоо онгорхой, гэтэл буудай тарихад манайх шиг хур тунадсаар хөтлүүлдэг хөдөө аж ахуй эрхэлдэг улс оронд хөрсний ус, физикийн чанар л хамгийн чухал. Олон органик бохирдол байдаг, шинжилж чаддаг лаборатори байхгүй. Хөрсний хатуу хэсгийн 90 гаруй хувийг эрдэс эзэлдэг. Гэтэл найрлагыг нь тодорхойлж түүнд нь тохируулж бордоогоо хэрэглэдэг нь яг хэн билээ?. Үнэхээр харамсмаар. Энэ салбарт хөрөнгө оруулагчид ч мөнгө, цаг хугацаагаа их алдаж байж жигдэрдэг. Тиймээс яг салбараа мэддэг мэргэжилтнүүдийн дуу хоолой төрд зайлшгүй хэрэгтэй байна.
- Та гадны олон орноор судалгааны ажил хийж явсан гэж дээр онцолсон. Тэдгээр улсуудаас эх орондоо нутагшуулчихаар ямар зүйлүүд байна вэ?
Их олон зүйл байгаа. Зөвхөн хөрс ч гэхгүй, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлийн хүрээнд цуглуулсан урдны тоо мэдээн дээр боловсруулалт хийж, дүгнээд дараагийн зорилгоо тодорхойлохдоо ашигладаг болмоор байна. Гаднын ихэнх орнуудад хөрсний хүрээлэн, хөрсний агентлаг, судалгаа шинжилгээний төвүүд, сургалтын хөтөлбөр байдаг. Австрид тосгон бүрт хавраас намарт хөрсийг нь экологийн болон эдийн засгийн үнэлгээ хийдэг мэргэжилтнүүд байдаг. Тэгж байж л тэр улс орнууд хөрсний асуудалгүй байгаа. Манайд нэгдсэн том дата бааз байхгүй нь бидэнд асуудлыг томоор харж шийдэхэд учир дутагдалтай байгаа юм. Бохирдлын хяналтын систем, аюулгүй хүнс идэж байгаагаа мэдэх тогтолцоо, хэрэгжилт алга. Хөрсөө бүрэн шинжилж ч чадахгүй байна. Судалгаа шинжилгээ хийдэг бааз суурь, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дамжуулах гүүр алга. Шинэ санаа, жижиг бизнесийн бодол, жижиг туршлага хийх юмсан гэсэн бодол тээсэн олон үйлдвэрлэгчид, нөгөө талдаа архивд эсвэл цаасан дээр хадгалагдсан шинэ бүтээл, патентууд байна. Аливаа салбар сайн мэргэжилтэн, судалгаа шинжилгээний ажил, технологигүйгээр хэзээ ч цааш хөгжих боломжгүй. Төрөөс олон бодлого, шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлж байгаа ч хөрсөн дээрээ очихоор учир дутагдалтай болчхоод байна. Хүн төрөлхтөнд хөрс нь ямар чухал ач холбогдолтой болохыг, хөрс өөрийн нөхөн сэргэх чадвараа алдан, элэгдэн доройтож, хүнс, тэжээлийн үйлдвэрлэл буурах аюулд орж, түүнийг өөрсдийн аж амьдралд нөлөөлөхөөс нааш анзаардаггүй гэдэг. Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хөрсний цогц бодлого хэрэгтэй ийм үед мэргэжлийн ур чадвараа гаргаж, төр засагтаа хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж байна.
Танд амжилт хүсье.


