Сарьсан багваахай- чихээрээ “хардаг”, нисдэг хөхтөн амьтан

Энэ нисдэг хөхтөн амьтан нэн содон бөгөөд дууны физик шинж ашиглан, амьдардаг өвөрмөц ангилал зүйн бүлэг. Тэдний бүрэнхий, шөнө идэшлэх, ангуучлах, мөн орон зайд баримжаалан нисэхэд тэдний чих тун чухал оролцоотой. Сарьсан багваахай хүний сонсох чадварын дууны долгионы хязгаар (20 kilohertz)-аас давсан өндөр давтамжтай (20-100 kilohertz) дууны долгион ялгаруулж, тухайн биетээс буцаж, өөрийн чихэнд ирсэн долгионоор нисэж буй шавьж барих, эргэн тойронд буй мод, ургамал, хад цохио, барилга байгууламж зэргийг ялгана. Үүнийг эхолокаци (echolocation) буюу “цуурайн байршил” тогтоогч гэж бүдүүн бараг буулгаж болох юм. Бид, хатуу биет ойр байгаа газар хашгирах үед бидний дууны долгион тэр гадаргаас ойж, бидэнд буцаад сонсогддог шүү дээ. Түүнтэй бүдүүвчлэн зүйрлэж болох юм. Та бид мэднэ дээ, нэг hertz хэмээх нэгж бол нэг секүнд хугацаанд хийх дууны долгионы нэг мөчлөг. Тэд ангуучлах үедээ цагт 35-40 км хурдтай нисдэг боловч, гөрөөл шавьжийг 1-5 м зайд ойртож байж, бусад хөндлөнгийн биетээс ойх долгионоос ялгаж шавьжаа барьдаг тухай судалгаа (Schober & Grimmberger, 1998; Dietz et al., 2007)-ны ажилд дурдсан байдаг. Учир нь, эхо долгионы тархах цар хүрээ хязгаарлагдмал гэнэ. Нөгөө талаас, тэд маш сайн нарийвчлалтай, тохиргоотой долгион ашигладаг ажээ. Сарьсан багваайхан зүйл бүр ялгаатай долгион цацдаг гэж байгаа. Эм бодгалийн төрмөл үүрний цуглаанд буй хэдэн зуу, мянган нялх зулзага дундаас эх, үр хоёр зөвхөн өөр хоорондоо “тохируулсан” мэт дуут долгионоор харилцаж, үрийнхээ нам дуугаар эх нь олж очдог (Knörnschild et al., 2012) ажээ.

Дашрамд дурдахад Онон Балжийн Байгалийн цогцолборт газарт нэн ховор хагас далавчтан байдгийг судлаачид бүртгэж баримтжулусан билээ.

Дүрс: дээд, бор соотон багваахай (Plecotus ognevii), Байдраг голын хөвөө, доод, дорнын сармаахайн (Vespertilio sinensis) хэдэн арав, магад зуу гаруй эм бодгальтай төрмөл- цуглаан, Эрээнцав орчмын гүүр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *