Дэлхийн нийтийн өмнө Уур амьсгалын өөрчлөлт гэх өргөн хүрээний асуудал гол сэдэв боллоо. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний өдөр тутмын амьдралтай шууд холбоотой тул энэ талаарх мэдлэг, ойлголт хүн бүрт чухал болоод байна. Бид өөрийн автомашиныг хөлөглөх, эсхүл такси барих, автобусанд суухад тэр тээврийн хэрэгсэл малтмал түлшнээс гаргаж авсан шатахууныг шатааж агаар мандалд дулаан ялгаруулж байдаг. Нэг аяга ус буцалгахад цахилгаан хэрэглэж эсхүл мод болон нүүрс шатааж нүүрс хүчлийн хий ялгаруулж байдаг. Тиймээс энэ дэлхий нийтийн өмнө тулгараад буй асуудал нь хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэрэглээнээс үүдэлтэй тул цаашид эх дэлхийгээ урт наслуулая гэж бодож байгаа бол энэ талаарх ойлголт мэдлэгтэй байж өдөр тутмын амьдралын хэвшлээ ногоон чиг баримжаатай болгох шаардлагатай болж байна.

Энэ салбарт ажиллаж буй хүмүүс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойлголт,  нэр томьёог хэдийнээ мэдэх болсон. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцүүлэгт шинэ тутам оролцож байгаа хэн бүхэнд бүх зүйлийг нэг дор ойлгоход амаргүй байх нь ойлгомжтой.

Иймээс бид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үндсэн ойлголт, зарим нэр томьёог багтаасан энэхүү товч тайлбар толийг НҮБ-с бэлтгэж нийтэлснийг та бүхэндээ түгээж байна. Уур амьсгалын  өөрчлөлтийн талаарх аливаа яриа хэлэлцүүлэгт оролцохыг хүсч буй хэн бүхэнд энэхүү товч тайлбар толь тодорхой хэмжээгээр тус болно. 

Энэхүү тайлбар тольтой нухацтай танилцаж, хэрэгтэй хэсгээ тэмдэглэж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглана гэдэгт найдаж байна. 

НҮБ-с гаргасан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойлголт,  тайлбар тольд тусгасан нэр томьёог цувралаар бэлтгэн хүргэж эхэлж байна.

ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛ

Цаг агаар гэдэг нь  агаарын хэм, хур тунадас, ууршилт, чийгшил, үүлний бүрхүүл, салхи, үзэгдэх орчин зэрэг тодорхой цаг хугацаа, газар нутгийн агаар мандлын нөхцөл байдлыг хэлнэ. Цаг агаарын нөхцөл байдал нь дангаараа тохиолддоггүй, долгиолсон нөлөө үзүүлж байдаг. Нэг бүс нутгийн цаг агаар нь эцэстээ хэдэн зуун, бүр хэдэн мянган километрийн зайд байгаа бүс нутгийн цаг агаарт нөлөөлж байдаг. 

Уур амьсгал гэдэг нь аливаа газар нутгийн удаан хугацааны турш дахь буюу ихэвчлэн 30 болон түүнээс олон жилийн цаг агаарын төлөв байдлын дундаж үзүүлэлтээр тодорхойлогдох бөгөөд уур амьсгалын тогтолцооны ерөнхий төлөв байдлыг  илэрхийлдэг. 

Аж үйлдвэржилтийн эрин үе, ялангуяа өнгөрсөн зууны хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хорт хийн ялгаруулалт нь манай гарагийн уур амьсгалыг эрс өөрчилж байна. 

ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТ

Хүлэмжийн хий нь манай гарагийн агаар мандалд нарны дулааныг барьж, дулааныг нь хадгалж байдаг хий юм. Аж үйлдвэржилтийн эрин үеэс эхлэн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүлэмжийн хийн ялгарал аюултай түвшинд хүрснээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж байна.

Хүний үйл ажиллагааны улмаас ялгарч буй хүлэмжийн хийн бүтцэд нүүрстөрөгчийн давхар исэл, метан хий, азотын исэл, хөргөлт, хөлдөөлтөд ашигладаг фторжсон хий зэрэг хамаарна. Нүүрстөрөгчийн давхар исэл нь хүний үйл ажиллагаанаас, ялангуяа малтмал түлш шатаах, ойн нөөцийн шавхагдал, газрын зохисгүй ашиглалт зэргээс үүдэлтэйгээр  үүсэх хүлэмжийн хий юм. 

Хүн төрөлхтөн малтмал түлшинд хамааралтай болсноор сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 50 хувиар нэмэгдсэн байдаг. Метан нь дэлхийн дулаарлын 25 орчим хувийг үүсгэж байгаа бас нэг төрлийн хүлэмжийн хий юм. Метан нь нүүрс, хий, газрын тос олборлох, тээвэрлэх явцад болон хогийн цэгүүд, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах үед ялгарч байдаг. 

Уур амьсгалын гамшигт өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн улс орон бүр одоо болон ойрын хэдэн арван жилд хүлэмжийн хийн ялгаралыг эрс бууруулж, дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмийн аюултай босго хэмжээнд хүргэхгүй тогтоон барихын төлөө хамтран ажиллах ёстой. 

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийн дулаарал гэж агаар мандалд хүлэмжийн хийн агууламж нэмэгдэх үед үүсдэг дэлхийн гадаргуугийн дундаж температурын өсөлт юм. Эдгээр хий нь нарны цацрагийг илүү шингээж, илүү их дулааныг барьж, улмаар дэлхийг илүү халуун болгодог. Малтмал түлш шатаах, ой мод огтлох, мал аж ахуй эрхлэх зэрэг нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, дэлхийн дулааралд нэрмээс болж байдаг хүний зарим үйл ажиллагаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь урт хугацааны турш дахь  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдсэн агаар мандал, далай, хуурай газрын дулаарлыг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь амьдрал, биологийн олон янз байдлыг дэмждэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахын зэрэгцээ эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хар салхи, үер, хэт халалт, ган гачиг зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж, эрч хүч нэмэгдэж, далайн дулаарал, мөсөн голууд, мөсөн бүрхүүл хайлж далайн түвшин дээшлэхийн хэрээр далай тэнгисийн эрэг орчмын газрын элэгдэл нэмэгдэх эрсдэлд хүргэж байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *